Monday, January 29, 2007

Би eeрийнхeeрee урлаг ойлгоно

Сүүлийн үед транс хөгжим нэлээд сонсов. Толгойгоо өвтгөтөл их сонсохгүй бол дажгүй урсгал байв. Залуу хүний хөгжим гэдэгт маргах зүйл алга. Аливааг эрж хайсан, шинэ өнгө аясаар харах гэсэн сэдэлтэй байх нь илт.

-----=====-----

Дууг би эхлээд зүгээр л сонсдог. Нэг их анхаарахгүй л сонсдог. Тэгэхэд нэг юм хэлэх гээд байвал ахиад нэг сонсдог. Аянд нь төвлөрч сонсдог. Тэгээд дараа нь үгэнд (зарим нэг аязаа хасаад бусдад нь хамааруулъя) нь анхаарч нэг сонсоно.
Энэ бүгдийн давж чадсан дууг би урлагийн бүтээл гэж бодно.

Энэ бүтээлээ би байн байн сонсоно. Дуу амжилттай болох үндэс нь аяандаа байдаг болохоор ч тэр үү, миний сонсох дуртай дуунуудын ихэнх нь сонсголонтой аясыг шингээсэн байх юм.
Эдгээр дууны аяыг зүгээр нэг сонсохгүй ээ. Хөгжмийн нот мэдэх биш түүнд санаа зовохгүй л дээ. Харин хүчээ нэмэх хөгжмийн дугаралтанд зовиноно.
Хөгжим бүр өөрийн "ёолох" эгшгээр шинэ зүйлийг хэлнэ надад. Хамгийн тод дугарах хөгжмөнд анхаараад байх нь сонин биш. Хажууд нь даруухнаар өөрийн үгээ хэлэх тэр бусдад хандана.
Хаана ямар хөгжим юу гэж хэлж байгааг дунд нь орж сонсоно. Хажууд гитар, хойхоно бөмбөр, дэргэд төгөлдөр хуур, чанх дээр хийл. Хөгжим бүрт хандана, тэр бүгд үгээ хэлнэ.

-----=====-----

Зохиолч, бүтээлчид нь юуг үзүүлэх гэснийг бүү мэд. Харин би өөртөө шинэ зурагтай үлдэнэ.

-----=====-----

Sunday, January 28, 2007

"ЯАГААД" уу эсвэл "ЯАЖ" уу?

Асуудал гэдэг хүн бүрт байдаг. Тэр их шударга учир хүмүүсийг хэзээ ч ялгавар үздэггүй. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу түүнд огт хамаагүй. Бүгдэд тэгш эрхтэйгээр үйлчилэхээ тэр мэднэ.

Харин бид түүнд хэрхэн хандаж, ялж байгаагаа бидний амьдралын амжилт тодорхойлогдоно.

Хүмүүс ЯАГААД гэж асуух их дуртай. Надад яагаад мөнгө олдохгүй байна, намайг яагаад өвчин ороогоод байна аа, Доржоос би илүү атал дарга түүнд яагаад илүү ханддаг байна аа, бүгдийг хийхийн тулд хичээж байхад бүх зүйл яагаад урвуугаар эргэдэг байна аа, намайг яагаад залуучууд тоодоггүй юм бэ, яагаад, яагаад, ... Эцэс төгсгөлгүй Яагаад.

Тэгвэл бид өөрсдөөсөө яагаад гэж асуулгүй ЯАЖ гэж асуугаад үзье. Би яаж мөнгө олж, санхүүгийн асуудлаа өөд нь татах вэ, би яаж өвчнөө эдгээж, эрүүл чийрэг алхах вэ, Доржоос би илүү тул даргадаа яаж илүү гэдгээ харуулах вэ, бүгдийг хийхийн тулд хичээж байхад бүх зүйл урвуугаар эргээд байгааг яаж засах вэ, залуучуудын ардаас өөрийгөө гүйлгэхийн тулд би яах вэ, яаж, яаж, ... Эцэс төгсгөлгүй Яаж.


Одоо ямар санагдаж байна.
Хоёр асуулт зарчмын хувьд онцын ялгалгүй харагдаж байж магадгүй л дээ.

Гэхдээ эхний асуултыг асууснаараа бид юу ч хождоггүй. Асуудлыг улам өөхшүүлж, хүндрүүлэн, зууралдаж, ийм явдал тохиолдсонд нь эвлэрч чадахгүй бухимдаж, уурлаж, уйлахаас цаашгүй.

Харин тэгвэл "яаж" гэж асууснаар юуг хожих вэ. Ямарч байсан тулгараад ирчихээд байгаа асуудлыг хүлээн зөвшөөрчихсөн байна. Зөвшөөрснөөрөө бид түүнд бууж өгсөн хэрэг биш, түүнээс гарах арга замыг өөрсдөөсөө асуун, хайж эхэлсэн харагдаж байна. Та ухаан төгс хүн тул асуултандаа хариулт авч л таарна!

Маш том ялгаа байна.


Магадгүй амжилтанд хүрсэн хүмүүс энэ асуултандаа хариулт авч чаддагтаа л тийм болсон байх.

Харин та одоо өөрөөсөө юу гэж асуух вэ?

Monday, January 22, 2007

Зурагтаар болсон болоогvй кино их гарч байна шvv!

Амралтын хэдэн өдрийг ажилгүй юм шиг кино үзэж өнгөрөөлөө. Та бүхэн ч гэсэн амарсан байх, тэгээд бас үзээ байлгүй.

First movie:
Баасан гарагийн орой ажилаасаа хариад хоолоо идэх зуураа үзэв. Дунд хэсгээс нь үзсэн болохоор ямархуу оршилтой байсныг мэдэхгүй. Ямартаа ч хоёр Америк залуу зугаа цэнгэл эдлэх хүсэлдээ хөтлөгдөн Германы нэгэн жижигхэн хотын дэн буудлыг сурж очино.
Тэнд эрэгтэй хүний жаргал гэх хүүхэн, архи, хар тамхи бүгд байна. Шавайгаа ханатал хэдэн өдөр наргиж авна. (нэлээн эротик)
Явахын өмнөх орой залуучууд тасрахаар их уугаагүй байсан ч хамт наргих хүүхнүүдийн хэрэглэх зүйлд хордон ухаан алдана. Азаар нэг нь гуйвж дайван 00-н өрөө орох замдаа андууран орсон агуулахын өрөөнд түгжигдэнэ.
Харин үлдсэн нэг нь гэнэт сэрэхэд төмөр сандал дээр гавлаастай, хөдлөхийн аргагүй сууж байна. Хөл гараа чангааж, гарахыг оролдовч нэмэр алга. Эргэн тойрноо харвал дөрвөлжин өрөөний голоос дүүжилсэн ганц ёлтгор чийдэнтэй ч байгалийн гэрэл орох ямарч цонх байхгүй тул харанхуй бүүдгэр, чийгтэй бас ханаар нь дүүрэн мужааны багаж аятай юм өлгөөстэй байх.
Төд удалгүй нэгэн эмнэлгийн хувцастай эр орж ирээд, түүнд ойртон элдвийн аймаар юм ярина. "Би эмч болох байсан юм" гэж үгээ дуусгасныхаа дараа нүүрэнд байх амны хаалтаа (маск) авбал, нааш ирэхэд нэлээн тус болсон галт тэргэнд танилцсан ах байлаа. Залуу түүний муу зүйл хийх гэж байгааг мэдэн мөнгө өгье гэхчлэн элдвээр гуйх боловч нэмэргүй. Мөнөөх ах багажнаас сонгон залууг тамлах ажилдаа орлоо. (энэ хэсгийг илүү детальчлах нь зохимжгүй юм байна)
Кадр солигдон агуулахад унасан залуу сэрнэ. Сэрээд маргааш болсныг мэднэ. Буудалдаа очсонд найз нь сураг ч үгүй, тэдний буудаллах өрөө огт хүн байгаагүй аятай болчихжээ. Найзыгаа хэл үггүй алга болох хүн биш гэдгийг мэдэх тул түүнд хардах сэтгэл төрж эхэлнэ. Цагдаа сэргийлэхэд мэдэгдсэн ч тоож байгаа янзгүй тул өөрөө хайхаас аргагүйд хүрнэ.
Хуучин наргиж байсан хүүхэнүүдтэйгээ уулзан, тэднээс найзыгаа олж өгөхийг шаардвал, нэгэн үл мэдэх газарлуу дагуулан явна. Хотоос зайдуу нэгэн балгас болсон газар очиход, тэнд нууцлаг хэсэг хүмүүс өлөн харцтай зогсоцгооно. Зорилго тодорхой тул дотогш орж найзыгаа хайв. Нэг л биш газар ирчихснээ мэдэрнэ. Зальт хүүхний арганд автсанаа мэдсэн ч хэтэрхий оройтжээ. Залуугийн хоёр талаас хүч бяртай баки залуучууд чирч аваачин сандалд хүллээ. Үлдсэн залуу өмнөх найзынхаа адил нөхцөл байдалд орлоо.
Удалгүй яргачин орж ирнэ. (Үзвээс өмнөх эмч биш байна. Угтаа би өмнөх эмчийг байх байх даа гэж бодсийн). Бас л юу хийх гэж байгаа нь тодорхой. Залуугийн азтай, аргатай бас нөгөө яргачины арга барил, туршлага муугийнх манай хүн мултарч чадлаа. (мэдээж ганц баартаа үхүүлж болохгүй л дээ)
Залуу зугтах явцдаа элдвийг үзнэ. Замдаа таарсан хамгаалагчдыг буудаж зугтана, найзынхаа үхсэн цогцосны дэргэд хэвтэнэ, ...
Зугтах зуураа дээд давхарын өрөөнд хам хум хувцсаа солиж байхад нэгэн халзан толгойтой нөхөр орж ирлээ. Тэрээр манай хүнийг зутгаж яваа оргодол гэдгийг анзаарсангүй. Түүнтэй яриа өрнүүлэх бөгөөд, ярианаас бүх хэргийн учир тайлагдана.
Учир юу гэвээс барууны (Герман, Орос бас бус) хөрөнгөтэй нөхдүүд энд ирж өөрсдийн хүн алах, тамлаж таашаал авах хүслээ биелүүлдэг юм байна. Тэд мөнгө төлөхөд, буудлын багийнхан холоос явж байгаа анзаарагдамгүй гадаадын эргэдийг бараа болгон нийлүүлдэг байсан тухай мэдэв.

Тэгээд цааших зүйл ер нь тодорхой шүү дээ. Манай залуу хүнд хэцүү, цагдаа нь хүртэл хуйвалдаанд оролцсон байлаас зугтан гарна.


Энэ киног бүтээгчид хүн хэт сохроор хүсэл таашаалдаа автан, түүнийгээ дагаж амьдарвал эцэстээ юунд хүргэдэг тухай бидэнд сануулахыг зорисон нь илт харагдаж байна.


Second movie:
9-р сарын 11-ний аймшигт явдлын дараа Дэлхийн худалдааны төвийн нуранган доороос New York хотын гал командын багийг хоёр гишүүнийг хэрхэн аварч байгаа тухай бодит түүхийг өгүүлжээ.
Киноны үйл явдал нэлээд үнэмшилтэй бас алдарт жүжигчин Николас Кейдж тоглосон нь хүмүүст хүрэхгүйц болсон юм шиг санагдсан.
Хүнд бетон хавтанд даруулж хөдөллөхийн аргагүй болсон нөцөлд багийн нөхөд нь ээлж дарааллан үхэж байлаа ...


Ийм үед хүний толгойд юу орж ирэх бол гэсэн асуултыг хүмүүст тавих шиг, хүнд хэцүү үед хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл ХАЙР гэдэг юу болох тухай нулимас асгарахын наагуур үзүүлж чадсан байлаа.
Бид одоо байгаа амьдралдаа ямар дэмий юманд санаа зовж байдаг юм бэ. Машин, байшин, мөнгө гээд л. Эдгээр нь тухайн үед намайг яаж аврах юм бол гэсэн гүн бодолд автуулж, Байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх нь АЗ ЖАРГАЛ юм! гэдэг бичлэгээ үргэлжлүүлж бичих шаардлагатай юм шиг санагдсан.
Мэдээж киноны гол санаа нь олон хүний амийг авч одсон тэр аймшигт үйл явдлын үнэн байдлыг харуулаад, ийм зүй бус зүйл хүн төрөлхтөний түүхэнд дахин битгий давтагдаасай гэдгийг сануулсан байлаа.



Third movie:
Хуучин эхнэрээ Багдад хотод өвдсөн гэдгийг сонсоод, дайн самуунтай сум шунгинах, халуун цэгт Итали эр очно. Эхнэр нь ухаангүй удаж байгаа бөгөөд, цааш амьдрахгүй гэсэн эмчийн үгийг сонсоод залуу өөрийн бүхий л хүч, итгэл найдварыг түүнд тавина. Болохоос нь болохгүй, амар тайвнаас амь насанд эрсдэлтэй бүхий л цаг мөчийг хайртай эхнэрийнхээ амь насыг аврахад зориулна. Гэхдээ манай хүн жаахан бүтэл муутай гэдгийг сануулах хэрэгтэй.
Эхнэр ухаан орох үед мань хүн бүтэлгүй байдлаасаа болж уулзаж чадахгүй тул эмэгтэй өөрийгөө сайхан сэтгэлтэй Итали эмч аварсан гэж бодно. Киноны төгсгөлд залуу өвчтэй байх үед нь үргэж үнсдэг байсан духан дээр нь үнсэхэд, эхнэр тэр сайхан сэтгэлтэй Итали эмч нь түүний хуучин нөхөр байж, түүний амийг аварсныг ойлгоно.

Итали, Францын алдартай жүжигчид тоглосон, жинхэнэ түүхээс сэдэвлэн хийсэн ХАЙРЫН ХҮЧ кино нь жинхэнэ хайр нь хайрлуулахдаа биш, хайртай хүндээ бүх зүйлээ зориулахдаа байдаг гэдгийг харуулсан сэтгэл хөдлөм сайхан болсон байна.



The end:
Манай телевизүүд ихээхэн өргөжиж хүний цагийг үрэх талдаа болсон байна. Ажилгүй залуучууд гэртээ суугаад зурагт үзээд байх юм бол жинхэнэ ... шүү! Тэгэхээр бүгдээрээ шилж сонгож байгаад хүнд хэрэгтэй, сургамж авч, жинхэнэ урлагийг мэдрүүлж чадах тийм л киног үзэх хэрэгтэй байх аа. Энэ холбоост ороод үзээрэй.

Friday, January 19, 2007

Бvгдийг нь уусан бол нисэх л байсан юм даа

Сургууль ч ороогүй бяцхан хүү томоогүй, сахилгагүй зан нь хөдлөө юу ээжийнхээ эмийн хайрцгийг нууцаар авчээ. Тэрээр авсан зүйлийнхээ ямар чухал болохыг мэдэж байгаа тул шууд л ер бусын шидэт, хүч оруулагч эмийг бэлтгэж эхэллээ. Ямар зориулалттайг нь ч мэдэхгүй байж бүгдийг нь хольж хутган шинэ жороо бүтээв. Түүний энэ бүтээл нь газраар явагч хүнийг нисдэг болгох эд гэнээ.
Мэдээж шинэ бүтээлийнхээ ид шидийг үзэх хэрэгтэй болох нь дамжиггүй. Асрагч эгчийгээ үгэндээ итгүүлсэн тул түүнд нэг халбагыг өгч амжив. Эгчийн бие нэг удалгүй муудан эмнэлэгт хүргэгдэв. Юу болсон тухай ээжийгээ асуухад жаал хүү "Бүгдийг нь уусан бол нисэх л байсан юм даа" гэж хэнэг ч үгүй хэлж байсан тийм л томоогүй хүүхэд байлаа, ...

Тун удалгүй сургуульд орлоо. Орлоо ч гэж дээ ороод, гарав. Нэгдүгээр ангийн хүүхдүүд юу л мэдээ аж гэсэн сэтгэлээр ханддаг байсан ангийн багшид жаал хүү ч нүдний гэм байлаа. Үйлмүүлж, бужигнуулахаас гадна "Хүн яагаад нисдэггүй юм бэ, та үүнийг хэлж өгөөч, тэрийг ч хэлж өгөөч, та үүнийг мэддэггүй юм уу" гэж шалгаахаас нь залхсан багш арга ядахдаа хамгийн арын ширээнд суулгасан ч нэмэр болохгүй тул захирлын өрөөнд өдөрт хэд ч юм бэ оруулж орхино. Аргагүй хэцүү хүүхэд байсан тул захирлын шийдвэр гарч хүүг сургуулиас хөөхөөс өөр аргагүйг ээжид нь мэдэгдлээ.
Сургуулиасаа гарах болсноо мэдсэн хүү, би гармааргүй байна гэсэн өрөвдөлтэй нүдээр уйлж байгааг харсан ээж нь тэсгэл алдарсан багш сургуулийнханы эцсийн шийдвэрт уурсан:
-"Миний хүү ухаантай. Ухаантай хүүд минь ийм муу багш нар боловсрол олгож чадахгүй. Тиймээс би хүүгээ өөрөө боловсролтой болгоно" гэж хэллээ ...

"Ээжийн минь намайг хайрлаж, үнэлсэн энэ л үгийн хүчинд би бүх зүйлээ умартан тэмцэх хүчийг авдаг байлаа" гэж хожимоо Томас Эдисон хэлсэн байдаг.
Тэрээр угийн махруу, өөрийнх хүсч, сонирсон зүйлээ бүтээж байж санаа нь амардаг хүн байсан бөгөөд, түүнийхээ учрыг ийхүү талархалтайгаар тайлбарласан байх юм.

Түүний найз гэрт нь ирээд:
-"Чи өдөр бүр мянга мянган шил хийж хагалах юм. Чиний энэ гэрлийн чийдэн хийнэ гэдэг мөрөөдөл чинь бүтэхгүй ээ, ..."
гэхэд Томас хариуд нь:
-"Би өдөр бүр мянга мянган гэрлийн шил хэрхэн хийж болдоггүй нээлтүүдийг хийж байна шүү дээ" гэж хариулсан гэдэг.
Ийм их аугаа зүтгэлээрээ тэр бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа гэрлийн чийдэнгийн анхны цахилгаанаар ажилладаг хувилбарыг бүтээсэн тухай бодох бүр гайхалтай, аугаа болохыг нь бахдан биширмээр.


Оршил хэтийджээ. Мөрөөдөлдөө үнэнч байж, аливаа хүнд үед итгэл, урам зоригийн нүдээр харж чаддаг байсан түүний түүхэн замналаас дурьдахын учир нь та бүхнийг ч мөн ийм үнэнч байгаарай гэж хэлэхийн тулд юм. Томас хүүг мөрөөдөл нь амжилданд хүргэсэн шиг таныг ч мөн азын тэнгэр ивээнэ. Харин энэ ивээл та бидний мөрөөдөлдөө хэр үнэнч байгаагаа шууд пропорционал хамаарна гэдгийг санаарай гэж хэлмээр байна. Би өөрөө хэт сайжраад ийн өгүүлж байгаа бус, харин хамттаа ийм сайхан эрч хүчээр тууштай тэмцэж чаддаг байвал "... Хүрэхгүй газар гэж үгүй бөгөөд, Цэнгэлийн манлайд хүрч болохыг Дан ганц бидний сэтгэлийн Чин зориг мэднээ" гэсэн Сүхээ ахын айлдсан нь биелэх буй за.


Жич: Уншиж байсан номонд маань Томас ахын тухай товчхон дурьдсан байсан тул ерөнхий утгыг гарган, өөрийн үгээр нэмж хачирлан бичлээ. Санаа нь надаас илүү ахыг таньдаг хүн байгаад, намайг дооглон инээж магадгүй гэж хаширласных биз ээ.

Wednesday, January 17, 2007

Байгаа бvх зvйлдээ сэтгэл хангалуун байх нь АЗ ЖАРГАЛ юм!

Бараг хоёр жилийн өмнө ангийнхаа нэг охинтой АЗ ЖАРГАЛ гэдэг юу болох талаар ярилцаж байхад тэр надад энэ өгсөн байгаа гарчигийг хэлж байсан юм.
Би тэр үед их гайхаж, шал тэнэг үг байна. Энэ чинь хүн ямарч хөгжих, дэвшихийг хүсэхгүй, аливаад зорилго тавин тэмцэхгүй, бахь байдгаараа байна гэсэн хэрэг болж байна уу. Яасан ч ийм байж болохгүй гэж нөгөө хүүхдийнхээ амыг талаж байснаа санаж байна.

Өглөө гэрээсээ гарахдаа би дүүдээ уурлаад жаахан сэтгэл дундуур байлаа. Шинэ өдрийг ингэж эхэлж байгаа болохоор ажил бүтэхгүй бүрхэг өдөр болох байх гэж бодож байв. Автобусны буудал орох замд оршуулгын цуваатай бас таарав. Хүмүүс "Оршуулгатай таарах нь сайн, хамаг муу муухайгаа цуг явуулдаг, хуримтай таарах муу, аз жаргалаа өгөөд явуулчихдаг" энэ тэр гэж яриж байдаг л даа. Гэхдээ би тэр нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Харин надад тэгэж таарсан нь нэг их сайхан санагдсангүй. Мэдээж хүн мөнх бусыг үзүүлчихээд байхад баярлаад байх юу байхав дээ.
Цааш алхахдаа нэлээд бодолд автав. Би ч гэсэн нэг өдөр ингэж цуваа хөдөлгөх нь гарцаагүй юм гэж. Магадгүй миний ингэж цуваа хөдөлгөх шаардлага өнөөдөр гарах юм бол би яах вэ? гэж өөрөөсөө асуулаа. (Үүнийг уншиж байгаа та ч гэсэн өөрөөсөө үүнийг асуугаарай). Хэрэв тийм бол яая гэхэв, харамсаад байх юу байхав. Жам ёсоороо болж байна гэсэн үг.

Харин миний одоо байгаа энэ үе маань л жинхэнэ аз жаргал юм байна гэдгийг мэдрээд цээж дүүрэн амьсгал авлаа. Уурлаж бухимдах дүүтэй, унаанд суух мөнгөтэй, санаа зовох ажилтай, санаж сарвайх эцэг эхтэй бас эгчтэй, одоо байгаагаасаа илүү бүхнийг багтаасан мөрөөдөлтэй.

Энэ бүхэн жаргал биш гэж үү, өдөр бүрдээ л жаргалтай амьдарцгаая!

Танд ч гэсэн санаа зовж шантрах зүйл байгаа л байх. Тэр бэрхшээлийг ямар нүдний шилээр харж байгаагаас чинь л бүх зүйлийн өнгө шалтгаална.
Дарга тань таныг ажил уядаг, бүтэлгүй, бүтээмжгүй НОВШ гэж загнаж байсан ч энэ жаргал болж болно. Магадгүй үүнээс доор байдал ч та байж болох л байсан. Хажуугийн менюд (Үгээс сурах юу байна) бичигдсэн үгийг уншихад нэг юм бодогддог юм даа.


Тэгээд тэр охины хэлж байсан үг хэр үнэн болохыг ойлгож, ийм сайхан үг хэлж байсанд нь баярлаж байлаа. Магадгүй энэ сайхан үгийг ухаж ойлгоход надад хоёр жилийн хугацаа шаардлагатай байсан байх.

Дараа тэр охинтой дайралдахдаа заавал баярлаcан сэтгэлээ илэрхийлнэ ээ!

Tuesday, January 16, 2007

Сайхан амралт боллоо

Өнгөрсөн хагас сайн өдөр би хэсэг нөхдийн хамт ЦАСНЫ БАЯР-т явлаа. Хамт явах багийн бүрэлдэхүүнд танихгүй мэдэхгүй хүүхдүүд зөндөө байх бөгөөд нэг автобус дүүтэл чихэж явсаныг бодоход бараг 120 гаран хүүхэд явсан байх.

Нэг их удалгүй Янзага зуслан байрлах тэр сайхан аманд очлоо. Цэвэр агаар энэ тэрийг нь яриад ч юу хийхэв. Автобуснаас буув уу үгүй юу залуучууд цасны хөл бөмбөгийг ч нэг тоглож гарлаа. Танихгүй хүмүүсийн дунд эхэндээ жаахан биеээ барьж байсан ч тун удалгүй тоглоомын халуунд шатаж, хүч мэдэн үзэж гарлаа. Олон баг ээлжлэн тоглож байгаа тул хоёр тоглолтын дундуур жаал амарч авна. Байс хийгээд түр завсарлага авч, тэр хооронд авч явж байгаа хүмүүс маань сайн бэлтгэснээ харуулж, энэ олон хүүхдийг уйдаахгүй аргыг дор нь шийдэж арга хэмжээ авч гарна. Олноороо тоглох, бие биенээ таних, хөгжилдөх боломжийг олгосон үнэхэр сайн шийдэлтэй тоглоомуудыг тоглуулах нь түүнд оролцогч бидэнд үнэхээр янзтай. Эдгээр толоомыг тоглож дуусаад дахиад хөл бөмбөг болно.

Бүтэн өдрийн хугацаанд нийт зургаан тоглолтонд тоглохдоо миний бие онцын гавъяа гаргаагүй ч гэсэн өөрийн хувьд хөшиж нозоорсон, хөдөлгөөн дутагдсан биеээ чамгүй сайн хөдөлгөж, сайхан баясч чадлаа. Хар багадаа гудамныхаа шороонд хутгалдан, шал хийгүй бөмбөг өшиглөн, хөөж гүйдэг байсан үеээсээ хойш дахин нэг удаа ханаталаа хөл бөмбөгийг тоглосон минь энэ боллоо. Өө тийм, сүүлийн тоглолтон дээр миний бөмбөгтэй харьцаж чаддагүй маань харагдаж, булангийн цохилтоос агаараар ирж байгаа бөмбөгийг мөргөдөг амьтан болж үсэртэл нь хамар дээрээ буулгаж орхив. Тэрхэн дариуд хамраа барихын оронд нөгөө хамраас ойсон бөмбөгийг хаа хүрэхийг нь харахдаа, хаалган дээгүүр тун ойрхон өнгөрсөнд нь харамсаж байснаа бодоход инээдтэй. Жаал цусаа гоожуулж авсан нь бас нэг эмчилгээ болсон байх.

Орой харьж ирчихээд цанын бааз явсан хүн байж ганц ч чаргаар гулгаагүйгээ санан гайхав. Таньдаг охиноо суулгаж багахан газар чирч гүйснээ эс тооцвол чаргатай ойртоогүй байлаа. За тэр ч яахав.


Худалч хүнээр бол хагас, бүтэн сайнд бүтэн өдрийг унтаж өнгөрөөн, даваа гарагтай золгохдоо нөгөө л ядруу царайтайгаа ирдэг байсан бол энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд үнэхээр сайхан стрессээ тайлж чадлаа.
Хуучин бол стресс тайлах гэхээр бусдын л адил намуухан хөгжимтэй, тайван газар орж, пиво ч юмуу уун ярилцаж суухыг боддог байсан бодол маань одоо өөр тийшээ эргэлээ.

Завгүй байна гэж цааргалалгүй, цас хайлахаас өмнө нэг цанын баазыг зориорой гэж зөлвөе!