Tuesday, February 27, 2007

Баабар ах надад "гэрэл" оруулав

Зохиолч сэтгүүлч Баабар гэхээр нэрийг сонсоогүй, түүний талаар мэдэхгүй хүн ер нь ховор байх. Бичсэн "Нүүдэл суудал" гэх зэрэг номыг нь уншсан хүн бүр ам сайтай байж, бид ч түүхээ мэддэггүй юм байна гэж халаглан, магтаалын үгийг урсгадаг юм билээ.
Харин би бол номыг нь уншиж гэгээрч хараахан амжаагүй, түүний талаар нэлээдгүй олон сонсож байснаас өөр онцлох зүйлгүй нэгэн л дээ.


Элдэв зүйл онгичиж суугаад түүний бичсэн Тогоогоо томруулбар хусах юм нэмэгдэнэ гэсэн бичлэг байхыг үзэв. Бас болоогүй http://www.baabar.net/ гэсэн өөрийнх нь веб хуудсаар зочилсон (Одоохондоо нэгд нэгэнгүй уншиж амжаагүй л байна). Ер нь мөхөс намайг бодохноо боловсрол гэдгийг УУЖ, төрийн өндөр албан тушаалыг ч хашиж байсан хүн гэсэндээ энэ зэргийн юмыг бичиж, төдий санааг гаргах л ёстой шиг санагдах.


Гэхдээ миний хувьд түүнийг хүндэтгэх болсон шалтгаан нь нэг ийм байх юм.
Саяхан дөө, бараг 6-н сарын өмнө байх даа (Мэдээлэлийн технологи хөгжөөд, үнэ цэнэ нь өсөөд, секунд минутаар хуучирч байхад юун саяханы мэдээлэл байхав гэж өөрийгөө баалья). Баабар гуай шинэ номыхоо нээлтийг тун даруухан, хэдэн оюутан өмнөө суулгаж байгаад, нэгэн номын дэлгүүрт хийж байна. Уг номонд орсон зүйлийнхээ талаар тайлбарлан хэлэхдээ нэг их рекламдаж цаг авсангүй. Шуудхан л оюутнуудтай ярилцах ажилдаа орлоо. Хоёр талаас нэлээдгүй сайхан нээлттэй ярилцлага явагдаж эхлэв.

Оюутнуудаас асуулт тавьж байна.
Оюутан:
- Та одоогийн байгалийн гамшиг, хүн байгальтайгаа хэрхэн буруу харьцаж байгааг хэрхэн зохицуулах хэрэгтэй гэж боддог вэ?
Баабар:
- Та нар энэ байгаль нийгмийн гамшиг, алив болохгүй асуудлуудын талаар битгий санаагаа чилээ. Та нар ийм юм болохгүй байна, тийм юм болохгүй байна гэж гүйгээд, гадаа гудамжинд Сүхбаатарын талбай дээрээ жагсаж, хашгираад амжилт олохгүй. Магадгүй жаал зүйлийг өөрчилж болох ч шийдвэрлэх алхамд хүргэж чадахгүй. Болдог юм болдогоороо л болно. Одоо ч гэсэн шийдвэр гаргах түвшний этгээдүүд хийх ёстой юмаа хийдгээрээ л хийж байгаа.
Нэгэнт ийм байгаа тул та бүхэн урдах ажилдаа л санаа зов. Өөрсдийгөө хөгжүүл! Тэгээд удахгүй мундаг баян болчихоод тэр асуудал болоод байгаа Озоны давхрагыг хамгаалах төсөлд 2сая доллар хандивлахгүй юу. Тэр чинь л та бүхний хамгаас их санаа зоволт болог.

Бас дахин асууж байна.
Оюутан:
- Одоогийн залуучуудын ухамсарын доройтолд орсон, муу зүйлд нэвтрээд байгаа талаар та ямар бодолтой явдаг вэ, тэдэнд юу гэж зөвлөх вэ?
Баабар:
- Одоогийн залуучууд ер "болохоо байчихжээ". Ер нь бол одоогийн зулуучууд болохоо байчихсан байна гэдэг үг эртний Грекийн үеээс яригдаж эхэлсэн гэдэг. Тэр үеийн залуучууд ч гэсэн арай настай, юм мэдэх хүмүүстээ болохгүй бүтэхгүй зүйлийг хийж, хайран зулуу насаа үрж байгаа харагдаж харамсал, гомдлыг нь төрүүлж байдаг байж. Одоо ч гэсэн ялгаагүй, бидэнд бас тийм л харагддаг.
Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл, аливаа цаг үеийн залуучууд үргэлж л болохоо байчихсан байдаг байсан гэсэн үг. Яг одоо л бидэнд ийм болчихоод байгаа эд биш ажээ.
Цаг хугацааны туршид хүний нийгэм хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Түүнийг дагаад тэр шинэ цаг үед амьдарч байгаа залуучууд энэ ШИНЭ цаг үедээ хөлөө олох гэж, шинэ шинэ зүйлд өртөж, барьц алдаж, баахан будилж байдаг байх нь. Тэглээ гээд залуучууд маань аав ээжийнхээ хийж байсан зүйлийг хийгээд байж таарахгүй (Тэдний үгэнд орохоо боль гэсэн үг биш шүү!!!). Яагаад гэвэл энэ үе тэднийхээс шал өөр шинэ түвшинд гарчихсан байдаг.

Хамгийн гол нь аливаа улс орны нийгмийн амьдрал цэвэр бөгөөд зөв гольдролоороо явж чадаж байж гэмээ нь энэ болохоо байчихаад байгаа залуучуудын ирээдүй нь цагаан, зам нь зөв залагдаж эхэлдэг. Хэрэв эс тийм бол энэ залуучууд нийгмийн хөгжлийг хурдасгагч биш хойш татагч болсон намаг балчиг мэт болж байдаг. Үзэл бодлын доройтолтой, ядмагхан нийгмээс сайн хүн төрж болохгүй гэсэн үг биш л дээ. Харин ийм сайн хүмүүсийн тоо нь маш бага байх болно. Энэ залуучуудын ирээдүй нь нийгмээсээ л үлэмж хамааралтай байх нь.
Тэгэхээр бид нийгэмдээ л анхаарал хандуулах хэрэгтэй юм. Бүх зүйлийг зөвөөр цогцлоож, зөв замаар нь явуулж чадвал хүмүүсийн санаа бодол, ухамсар, үзэл бодол дагаад цэвэршиж эхэлнэ. Хэзээд болохоо байчихсанаар гарч ирсэн байх шинэ залуучуудын маань ирээдүйн үр дүн нь сайнаар хөтлөгдөнө.


Гайхалтай. Би бүр энэ хоёр асуултын хариултыг аваад онгойсон гэж жигтэйхэн, өмнөх дэглэмийн үеийн намын хурал дээрх шиг (тэр үеийн видео бичлэгүүдэд гардаг даа) год үсрэн босч уралдан алга ташмаар санагдаж байлаа. Гэхээд гэртээ суугаад зурагтаар үзэж байсан надад ингэх шаардлага байсангүй.

Хүн зөв үедээ л зөв зүйлдээ санаа зовох хэрэгтэй гэдгийг мэдэв. Одоогоор би өөртөө л санаа зовж, хэрхэн сайн хүн болохоо эрэх хэрэгтэй гэдгээ мэдэхэд, "төрийн төлөө оготно боож үхнэ" гэдэг үгийн утга ухагдаад, Н.Энхбаяр ах, М.Энхболд дүүтэйгээ ердийн л хүмүүс шиг харахдах болсон билээ.

Monday, February 12, 2007

Хэлбэржсэн бодлын уршиг

- Өнөөдөр мягмар гараг.
Миний ЧАС өдөр. Тиймээс би улирлынхаа шалгалтанд муу авах байх.

- Календарь харсан чинь өнөөдөр үс засуулдаггүй өдөр байна.

- Өчигдөр орой би зурхайгаа уншсан чинь намайг гэмтэж бэртэхээс болгоомжил гэсэн байсан.

Хайран юм. Бид өнөөдрийн тухай ийм л буруу хэлбэржсэн бодлыг өөрийн дотор тээж байгаа учраас ийм юм болж байгаа юм. Та өнөөдрийг ийм л бодолтой угтаж байгаа болохоор шалгалтандаа унаж, муу зүйл тохиолдож, бэртэж гэмтэж байна.


Үгүй тийм биш. Үгүй тийм биш. Үгүй тийм биш.
Өнөөдөр миний амьдралын 21 насны тэр нэгэн хаврын ЦОР ганц өдөр. Энэ өдөр миний болоод бусдын амьдралд өмнө хэзээ ч байгаагүй, цаашид хэзээ ч байхгүй, дахиж хэзээ ч давтагдахгүй тийм л ЦОР ганц өдөр.
Энэ бурханаас бидэнд зөвшөөрсөн шинэ өдөрт, өмнө нь бүтэлгүйтэж байсан тэр мягмар гарагууд ямарч хамаагүй. Тэр зурхай одон гарагт хэлсэн зүйлс огтхон ч нөлөөлөхгүй, хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл ирж байгаа энэ цаг мөч бүхэн ЦОО шинэ юм. Ийм сайхан будаг нь ханхалсан цаг мөчүүдэд бид өнгөрсөнтэйгээ зууралдалгүй бас л ЦОО шинээр хандах ёстой.


Үнэхээр бидний амьдрал бидний гараар, бидний хүслээр, бидний үйлдлээр биш тодорхой нэг гольдролоор, аливаа нэг дүрмэнд захирагдаж, аль эрт зурагдчихсан байдаг бол
ямарррррр хөөрхийлэлтэй вэ?!
ямар хөөөөөөөрхийлэлтэй вэ?!
ямар хөөрхийлэлтэй вэээээээ?!

Тийм л бол та одоо юугаа хийгээд байгаа юм? Та тэр зургаараа л болог гээд хамаг хаячихгүй, юу хийж ажил, амьдрал гэж гүйгээд байгаа юм бэ?


Магадгүй бидний төрөх, үхэх цагийг бурхан л мэдэж шийддэг байх. Харин таны хүсээд байгаа тэр зургийг бид өөрсдөө зурах ёстой. Харин тэр зураг маргааш биш харин өчигдөр зурагдсан байх ёстой. Тэр зураг бидний ирээдүйн зам биш, үлдээсэн МӨР байх ёстой!!!


Миний амьдралыг томьёолж, зааж,
намайг хүлэх гэсэн оролдлого ямар олон юм бэ?!

Friday, February 9, 2007

Vнэн ба Итгэл

Аав нь ардаа гараа нуугаад хүүгээ дуудаж асууна.
- "Хүү минь, миний гарт алим байгаа юу?"
Бяцхан хүүд аав нь алимны тухай яриа өдүүлсэн учир хүү аавдаа итгэж
- "Ааваа таны гарт алим байгаа" гэнэ.
Аав:
- "Тиймээ, аавынх нь гарт амил байна" гэж хэлээд хүүд алим өгнө.

Хүү аавынхаа гарт юу байгааг огт мэдэхгүй, магадгүй юу ч байгхүй байж болох байсан ч аавдаа итгэж,
байгаа гэж хэлсэн.

Энэ бол ИТГЭЛ.

Хэрэв хүү аавыгаа ард гартаа алим барьж байгааг харсан бол аавынхаа асуултанд огт бодолгүй, хариулахдаа итгэх шаардлагагүй, зүгээр л байгаа гэж хэлнэ.

Энэ бол ҮНЭН.


Таны нөхөр (эхнэр) гэртээ оройтож ирэхэд, та түүнийг араараа тавиагүй гэдэгт итгээд цай хийж өгөөд хоолыг нь идүүлээрэй. Хэрэв ингэж чадахгүй байвал та ханьдаа итгэж чадахгүй байгаа бөгөөд та хоёрын дунд асуудал байна гэсэн үг. Магадгүй энэ асуудал хэнээс нь ч болсон байж болно.
Эсвэл та хамт ажилладаг найзаас нь нөхрөө хэзээ ажлаас нь гарч явсныг нь асуучихсан болоод түүнд цай хоолыг нь дуртай хийж өгч байгаа бол энэ итгэл биш байна. Яагаад гэвэл та нөхрөө ажлаасаа гарсан цаг, замд унаанд явах хугацаа, гэртээ орж ирсэн хугацаа илүү гарахгүй яг таарч байгаа болохоор ингэж байна. Энэ бол итгэл биш, түүний алдаа гаргаагүй гэдэг нь танд үнэн байх юм.


Зарим хүн би шашинд итгэдэггүй, би шинжлэх ухаанд итгэдэг гэдэг. Магадгүй ингэж хариулж байгаа хүн итгэл гэж яг юуг хэлдгийг мэдэхгүй тэгсэн байж болох юм.
Ньютон байгаль дэлхий дээрх бүх юмс зайнаас урвуу хамааралтай хоорондоо таталцалд байдаг гэдгийг мэдэхгүй байхдаа, ийм байж магадгүй гэдэгт итгэсэн болохоор түүний толгой дээрээс алим унаад түүнийг нээсэн байх. Ньютонд л бодолдоо үнэн гэж итгэл хэрэгтэй бол түүнийг үнэн гэж нотолсон нотолгоог сонссон бидэнд итгэл хэрэггүй.
Шинжлэх ухаан бол итгэл биш, шинжлэх ухаан бол зүгээр л үнэн. Шинжлэх ухаан байгаль дээр байдаг аливаа үзэгдлийн мөн чанарыг тайлж нээсэн байдаг. Түүнд алимаа нууж байгаа аавыгаа харсан хүү шиг ямар ч бодох шаардлага байхгүй. Түүнийг зүгээр л үнэн болгож
хүлээж авах хэрэгтэй.


Өөртөө итгэлтэй хүн гэдэг ямар хүн юм бэ?
Тэгвэл тэр хүн ирээдүйд юу болохыг мэдэхгүй байж
итгэлээрээ түүнийг болгоно, бүтээнэ, хийж чадна гэдэг зүрх сэтгэлтэй, түүнийг оюун бодлынхоо ирээдүйд үнэн гэж бий болгосон хүн юм байна.

Та амжилтанд хүрнэ гэдэгтээ
итгэ гэж олон хүн, олон номонд бичсэн байдаг. Тэгвэл бид оюун бодолдоо тэр сайхан гялалзсан сайхан амжилтыг бодож жинхэнэ, байгаа юм шиг, үнэн юм шиг харах хэрэгтэй байх нь.


Итгэл - Байж, болж, ингэж
магадгүй гэсэн үнэнийг хэлнэ.
Үнэн - Бидний таван мэдрэхүйд мэдрэгддэг, нүдний өмнө харагдаж байгаа зүйлс.


Залуусаа өөртөө итгэлтэй байцгаа !!!
Ирээдүйд юу хийж болохоо итгэлдээ эхлээд бүтээ, дараа нь бүтээх арга нь харагдана !!!

Monday, February 5, 2007

Миний амьдралын ЭГЭЛ жирийн eдрvvд ...

Надад 365 хоног байна.

Үүнээс баярын өдөр (төрсөн өдрүүд, хуримын ой, цагаан сар, наадам, шинэ жил, ...) нийт 60 байдаг гэж үзье. Зарим хүнд бага ч байж магад.

Дараа нь чухал ажилтай үе. Чухал шаардлагатай ажил амжуулах долоо хоног, ажил дээр гал гарч ОНЦГОЙ байдал зарласан өдрүүд, хувийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхаарал тавих өдрүүд, ... За нийтдээ 100 байдаг гэж үзье.

Амралтын өдрүүд. Анги хамт олноороо салхинд гарах, байгууллагаараа спортын арга хэмжээ зохион байгуулах, гэр бүлээрээ цугларах айлчлах, ... Бас үүнийг 30 өдөр байдаг гэе.

Өшөө хасах өдөр байвал хасч болох юм.

За тэгээд 4-н аргын тоо бодъё.
175 = 365 - 60 - 100 - 30

Тэгээд надад байгаа өдөр нь 175 ба түүнээс бага байх нь.
Та:
- Энэ өдрүүд ямар өдөр гэж?

Энэ өдрүүд нь миний амьдралын ЭГЭЛ жирийн БОР ШАР (шалдар, булдар, хоёр нарны хоорондох, ... гэж хэлдэг дээ) өдрүүд болох юм.
Та:
- Энэ эгэл жирийн өдрүүдийг бодож яах гээв?

Мэдээж хүн баярлан хөөрч, бусдад анхаарал тавьж, хамт олны ажилд идэвхийлэн оролцох хэрэгтэй нь үнэн. Тийм ч учраас тэр өдрүүдийг хасав. Харин энэ үлдсэн өдрүүдэд би хэрхэн анхаарал тавьж байснаар л миний амьдрлалын АМЖИЛТ шийдэгдэнэ. Энэ эгэл жирийн амралтын (бямга, ням), ажлын өдрүүдэд би хэр их идэвхи чармайлт гаргаж, хэрхэн шинэ, чухал шаардлагатай зүйлсийг (бусдын шахалтгүйгээр) өөртөө зориулан судалж хийж байсан минь л ингэхэд хүргэнэ. Энэ нь таныг амралтын өдөр ч бай хамаагүй амрах завгүй ажиллаад бай гэсэн үг биш, бага ч болов хэрэгтэй, ашигтай, хөгжилтэй (инээд наргиантай гэсэн үг биш шүү) өнгөрөөж байхыг л хэлж байгаа юм.

Хэрэв ингэж эс чадваас та:
- "БИ НЭГ Л МЭДЭХЭД би арван жилээ төгсчихсөн оюутан болж байсан",
- "НЭГ Л МЭДЭХЭД би эхнэр авч хүүхэдтэй болж байлаа",
- "НЭГ Л МЭДЭХЭД би 30 гарчихсан алхаж байлаа",
...
- "НЭГ Л МЭДЭХЭД тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй амьтан болчихсон байлаа" гэж хэлэх болно. Ийм амжилтгүй, ахицгүй, өнгө багатай амьдралаар таныг бүү амьдраасай гэж хүснэм би!

Эгэл жирийн өдрүүдээ хайрла, гамна, үр ашиг өндөртэй барагдуул.
Энэ өдрүүдэд хэн хангалттай хичээж чадсан тэр аз жаргалыг амсана.

Энэ өдрүүд надад нэн хангалттай бөгөөд маш бага хугацаа санагдана!