Wednesday, January 17, 2007

Байгаа бvх зvйлдээ сэтгэл хангалуун байх нь АЗ ЖАРГАЛ юм!

Бараг хоёр жилийн өмнө ангийнхаа нэг охинтой АЗ ЖАРГАЛ гэдэг юу болох талаар ярилцаж байхад тэр надад энэ өгсөн байгаа гарчигийг хэлж байсан юм.
Би тэр үед их гайхаж, шал тэнэг үг байна. Энэ чинь хүн ямарч хөгжих, дэвшихийг хүсэхгүй, аливаад зорилго тавин тэмцэхгүй, бахь байдгаараа байна гэсэн хэрэг болж байна уу. Яасан ч ийм байж болохгүй гэж нөгөө хүүхдийнхээ амыг талаж байснаа санаж байна.

Өглөө гэрээсээ гарахдаа би дүүдээ уурлаад жаахан сэтгэл дундуур байлаа. Шинэ өдрийг ингэж эхэлж байгаа болохоор ажил бүтэхгүй бүрхэг өдөр болох байх гэж бодож байв. Автобусны буудал орох замд оршуулгын цуваатай бас таарав. Хүмүүс "Оршуулгатай таарах нь сайн, хамаг муу муухайгаа цуг явуулдаг, хуримтай таарах муу, аз жаргалаа өгөөд явуулчихдаг" энэ тэр гэж яриж байдаг л даа. Гэхдээ би тэр нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. Харин надад тэгэж таарсан нь нэг их сайхан санагдсангүй. Мэдээж хүн мөнх бусыг үзүүлчихээд байхад баярлаад байх юу байхав дээ.
Цааш алхахдаа нэлээд бодолд автав. Би ч гэсэн нэг өдөр ингэж цуваа хөдөлгөх нь гарцаагүй юм гэж. Магадгүй миний ингэж цуваа хөдөлгөх шаардлага өнөөдөр гарах юм бол би яах вэ? гэж өөрөөсөө асуулаа. (Үүнийг уншиж байгаа та ч гэсэн өөрөөсөө үүнийг асуугаарай). Хэрэв тийм бол яая гэхэв, харамсаад байх юу байхав. Жам ёсоороо болж байна гэсэн үг.

Харин миний одоо байгаа энэ үе маань л жинхэнэ аз жаргал юм байна гэдгийг мэдрээд цээж дүүрэн амьсгал авлаа. Уурлаж бухимдах дүүтэй, унаанд суух мөнгөтэй, санаа зовох ажилтай, санаж сарвайх эцэг эхтэй бас эгчтэй, одоо байгаагаасаа илүү бүхнийг багтаасан мөрөөдөлтэй.

Энэ бүхэн жаргал биш гэж үү, өдөр бүрдээ л жаргалтай амьдарцгаая!

Танд ч гэсэн санаа зовж шантрах зүйл байгаа л байх. Тэр бэрхшээлийг ямар нүдний шилээр харж байгаагаас чинь л бүх зүйлийн өнгө шалтгаална.
Дарга тань таныг ажил уядаг, бүтэлгүй, бүтээмжгүй НОВШ гэж загнаж байсан ч энэ жаргал болж болно. Магадгүй үүнээс доор байдал ч та байж болох л байсан. Хажуугийн менюд (Үгээс сурах юу байна) бичигдсэн үгийг уншихад нэг юм бодогддог юм даа.


Тэгээд тэр охины хэлж байсан үг хэр үнэн болохыг ойлгож, ийм сайхан үг хэлж байсанд нь баярлаж байлаа. Магадгүй энэ сайхан үгийг ухаж ойлгоход надад хоёр жилийн хугацаа шаардлагатай байсан байх.

Дараа тэр охинтой дайралдахдаа заавал баярлаcан сэтгэлээ илэрхийлнэ ээ!

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home