Thursday, November 1, 2007

Хvнтэй гэрлэх vv эсвэл Хэнтэй гэрлэх vv?

Би 16-тай байхдаа хөдөө амарч байлаа.
Тэгэхэд тэнд байсан миний насны хоёр залуу хос гэр бүл болж байх юм. Уг нь бол Монгол улсын хуулинд 18-н нас хүрч байж гэр бүл болж болно гэсэн байдаг санагдана. Гэтэл хөдөө хүүхдүүд хүүхдүүдтэйгээ гэрлэж байх юм.

Яахав хоёр талаасаа нийлсэн овоо хэдэн мал, нэг бөөвгөр цагаан гэр, санаа нийлсэн хос ч айл болоод л явчихлаа. Тэгэж байгаад 18 хүрэх үедээ иргэний бүртгэлийн алба (буруу байж магадгүй шүү. Энд л бүртгүүлдэг байх гэж бодож байна) энэ тэрдээ гэр бүл болсон тухайгаа бүртгүүлчих байх л даа. Харин тэр үед надаас очсон айлын маань эгч: -"Чи одоо эхнэр авахгүй юм уу, та нарын үеийнхэн хүнтэй сууж эхэлж байна шүү дээ" гээд асуугаад хүн ичээж байсан санагдаж байна.

Одоо бодоход цаашдаа малаа маллаад, улс эх орондоо хүн нэмээд яваад байх улсуудад бол хүлээгээд байх юу байхав.


Би одоо 22-той. Одоо л санаа нийлэх хүн хайх тухай бодож эхэлж байна. Хүмүүсийн боловсрол мэдлэг нэмэгдээд ирэхээр гэрлэх нас нь хойшилдог, сүүлийн жилүүдэд гэрлэгсдийн нас нэлээд хойшилж байгаа гэж хуримын ордны ажилтан хүн хэлж байна лээ. Энэ нь ч зөв байх. /Би өөрийгөө нэг их боловсролтой энэ тэр гэх гэсэн юм байхгүй шүү/

Ханиа сонгох тухай ганц хоёр ном уншсан чинь миний бодол өөрчлөгдөж эхэлсэн. Хүнтэй суух тухай боддог байсан бол сүүлийн үед хэнтэй суух тухай бодох болсон байх юм. Тэр хүн хэн бэ гэвэл:

  1. Хөөрхөн, нүдэнд дулаахан. Мэдээж бүүр фото мисс шиг биш
  2. Яриасаг
  3. Ухаалаг, боловсролтой, ном уншдаг
  4. Намайг үргэлж сонсож, надад урам өгч байдаг, хүнийг магтаж чаддаг
  5. Аминдаа арчаатай, цэвэрч нямбай
  6. Амьтанд хайртай
  7. ...

Мэдээж ийм шаардлагад нийцэх охидууд зөндөө л байж таараа.

Та ч гэсэн өөрийн хань болох хүнээ ямар байгаасай гэж бодож байгаагаа бичээд үзээрэй. Магадгүй тэр хүний чанарт нь мөнгөтэй гэсэн үзүүлэлт ч нэмэгдэж болох юм. Энэ ч гэсэн бас нэг шалгуур. Хэнд ч гэсэн яг адилхан сэтгэгдэл төрүүлж байгаа хоёр бүсгүй тааралдвал мэдээж мөнгөтэйг нь сонгоно биз дээ. Гэхдээ мөнгөтэй гээд Солонгосчуудтай гэрлээд байх нь ёсгүй. Мөнгө бол амьдралын зайлшгүй чухал хэрэглүүр. Гэхдээ түүнийг амьдрал зохиотол нь өргөмжилж болохгүй.


Хэрэв та өмнөөс гэр бүл болох хүнээ сайн бодож амжаагүй гэрлэвэл дараа нь миний эхнэр /нөхөр/ тийм ч байсан болоосой гэж бага зэрэг харамсах, эсвэл хэсэгхэн зуурын рекламанд хууртсанаа ухаарах хэрэг гарч магадгүй. Реклам гэдэг нь юу гэвэл будаг шунх болсон сайхан царай, хээнцэр сайхан хувцас, эрэгтэй эмэгтэй хүмүүс ойртоод суухаар хөлс гарч, зүрх хүчтэй цохилуулдаг халуухан мэдрэмж, … Эдгээр нь хүнийг “Чи бол АМЬТАН шүү” гэдгийг сануулдаг мэдрэмжүүд юм. Хүн энэ бүгдийг мэдрэх ёстой л доо. Гэхдээ энэ амьтны мэдрэмж дээрээ жаахан бодол оюуны мэдрэмжээ нэмж түүнийгээ хэсэг хугацааных байх уу, үүрдийнх байж чадах уу гэдэгт онцгой дүгнэлт хийх хэрэгтэй.

За ямарч байсан суухаасаа өмнө салах тухай бодох хэрэггүй шүү. Ер нь САЛАХ гэсэн бодол огт байхгүй амьдарвал тэр хосын амьдралд хэзээ ч салалт үүсэхгүй. Асуудал үүссэн байлаа гэхэд хэцүү байсан ч гэсэн шийдвэрлээд л гарч чадна. Харин жаахан муудалцаад ирэхээрээ л “Би үүнээс салчихвал”, эсвэл “өөр хүнтэй суусан бол” гээд бодоод байх юм бол салалтыг та АМЬ оруулж байна аа гэсэн үг.

Би урьд энэ талаар их боддог байлаа. Би эхнэртэй болоод бодол санаа зөрчилдөөд хэрэлдэх байх даа, уурлаад салмаар санагдах байх даа, салвал дараа нь яах вэ гээд л. Бас би гэр бүлтэй болоод эхнэрээ араар нь тавих болов уу, миний сексийн амьдрал надад сэтгэл хангалуун байдлыг өгч чадаж байх болов уу ч гэх шиг зөндөө л юм боддог байлаа. Харин “Жинхэнэ хайрын 10-н нууц” гэдэг нэг жижигхээн, дэлгүүрүүдэд 3000 гээд л байж байдаг номноос их олон зүйлийг мэдэж авсан. Хэрэв та уншаагүй бол түүнийг олж уншаарай. Одоо бол энэ эргэлзээтэй бодлуудаа бүр таягдан хаясан. Итгэлтэй байхад бүх юм бүтнэ, болно гэж боддог.

Гэрлэлт гэдэг ШИЙДВЭР байдаг. Би энэ хүнийг ямарч болзолгүйгээр насан туршдаа хайрлаж, хөгшин залуу, баян ядуу, жаргалтай зовлонтой аль ч цагт хажууд нь байж түүнийг хамгаалж явах болноо гэсэн амлалт өгдөг. Хүн амьдралдаа нэг л шийдвэр гаргасан бол түүний цаана байх хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Биелүүлэх хэрэгтэй. Шийдвэрээсээ буцах, дахин шийдэх гэсэн боломж байхгүй. Ингэж чадаагүй бол та аль хэдийнэ амьдралдаа алдсан байх болдог. Тэгэхээр таны шийдвэр эргэлзээ тээнэгэлзэл төрүүлэхгүй, харин ч таны итгэл урмыг бадрааж, цаашдын амьдралыг тань гэрэлтүүлэхүйц сайхан байх хэрэгтэй. (зургийн эхийг Тэди найзаасаа авава)



Би бас сайт хэсч яваад та Сул талыг нь харж нөхрөө сонго! гэсэн зөвлөгөөг олж үзлээ. Бас л хэрэгтэй зүйл байна шүү!


Төгсгөлд нь дүгнээд хэлэхэд миний нас явчихлаа, одоо л гэрлэхгүй бол болохгүй гэх мэт шалтгаанаас гэрлэх гээд байх нь гол биш харин хайртай, хамтарч амьдралаа зохиож аваад явах итгэлтэй хүнээ олсон учраас гэрлэж байгаадаа юм шүү гэсэн итгэлтэй гэрлэлтийг хийгээрэй гэж хүсэх байна даа.

3 Comments:

At November 12, 2007 at 5:54 PM , Anonymous Anonymous said...

Манай нэг найз хүмүүс сексээрээ л нийлж, бие биенээсээ хангалттай сайхан таашаал авч чадаж байх нь маш том хүчин зүйл гэж яридаг юм.

 
At October 15, 2009 at 11:20 AM , Blogger uka8 said...

tiim bishee zuwhun sex niilj bwal boldog ym bish. orondoo saihanbgad l bosood uur hvreed bdiin hehe neeree shvvv. amidrana gj bodohoor l setgeld hvrdgui hvn bas bn. bas yaag esregeeree hvn ch bn. gehdee hainaa huleene. bayrallaa hugshuun

 
At October 15, 2009 at 3:18 PM , Blogger baljka said...

Okey. Wish you a success!

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home