Wednesday, March 28, 2007

Би уурлаж байна, би гомдож байна, би байх газраа олохгүй байна, …

Сүүлийн үед дэндүү их ажилтай байлаа. Хичээлдээ гүйгээд л, ажилдаа очоод л, сүсэг бишрэлээ дагаад л, … бүх л зүйлд анхаарлаа хандуулах гэж хичээж байлаа. Урдаа тааралдсан хийх ёстой бүх зүйлсээ жагсааж бичиж байгаад хамгийн чухал, хамгийн шаардлагатай гэсэн зүйлээ хийхийг зорьж байлаа. Жагсаалтын доогуур бичигдсэн зүйлтэй холбогдох хүмүүс (ажлынхан, багийн ахлагч) надад уурлаж байлаа. Хичээсэн болгон амжилтанд хүрэхгүй, хийсэн лаб-ууд багшид үнэлэгдэхгүй байлаа. Өглөө 7 цагт хүчлэн байж босч, шөнө 2 цагт хичээлээ дуусгалгүй анилдан байж унтаж байлаа. 5 цаг хангалттай юм шиг хэрнээ өдрийн явдалаа ядарч байлаа. Блогтоо юм бичих нь бүү хэл өөртөө анхаарах нь ч илүүц байлаа.

Өнөөдөр баасан гараг. Ядарсан гэж жигтэйхэн, хариж амръя, хагас сайныхаа төлөвлөгөөгөө амарч байгаад чанартайхан гүйцэтгэе гэж бодлоо. Дөнгөж л 8 цаг гээд ажлаасаа гараад явах замд баярын ажиллагаагаа аль хэдийнэ эхэлчихсэн, манай залуучууд бөөн бөөнөөрөө.

Гэртээ ирлээ. Хоолоо идэх зуураа унтахаасаа өмнө дипломынхоо бичиг баримтыг жаахан урагшлуулъя гэж бодож суулаа. Идэх зуураа сумогийнхоо тоймыг үзэж, хэрэгтэй юм байна уу гэж удирдлага дохиж суулаа. Суваг солих зуур үндэсний телевиз дээр ТВ103 нэвтрүүлэг гарч байхыг харав. Эрүүл мэндийн талаар дажгүй шууд ярилцдаг болохоор гайгүй нэвтрүүлэг гэж боддог байв. Манай эгч анагаахыг төгссөн болохоор нэвтрүүлэгт оролцогч багшийг таньдаг юм байна.

Тэгсэн мань багш нь нэлээн шалиг нөхөр гэнэ шүү. Учир юу гэвэл гайгүй царайлаг оюутан охидуудыг дүнгээр боож “унах уу, УНТАХ уу?” гэж албан шаардлага тавьдаг гэнэ. Юун ч шаардлага байхав, ажлын байрны бэлгийн хүчирхийлэлд оруулдаг гэж хэлэх гэсэн юм.

Тэгэхээр нь би ямар “хачин юм бэ, хэзээ тийм юм байж болох юм бэ, ийм багш нарыг зохих газар нь хэлээд халуулах хэрэгтэй ш дээ“ гэлээ. Үгүй, энэ бол монголдоо ганц генетикийн эрдэмтэн. Түүнийг орлох хүн байхгүй болохоор сургалтын алба энэ тэр халж чаддаггүй юм гэнэ билээ гэж байна.
Тэгвэл заавал дүн авах албатай биш, хаячихвал яадаг юм бэ гэвэл, бүх оюутан энэ багшийн гараар дамжиж төгсдөг, анагаахын оюутнууд 6 жил сурчихаад ганцхан хичээлээс болоод төгсөж чадахгүй болж хайран он жилүүдээ алдсан болно ш дээ гэх юм. Гацаанд оруулж байна гээч.

Миний хамаг уур хүрлээ. Хөгшин төгцгийг харахаас дургүй хүрээд, өөр суваг дээр юм үзсэн ч саяны зүйл бодогдоод болдоггүй. Гэнэт нэг санаа орж ирлээ, шууд нэвтрүүлгийн утасруу нь залгаад МУУ БАГШийг “Та анагаахын оюутнуудыг дүнгээр дарамталж бэлгийн хүчирхийлэлд оруулдаг гэж байна. Та сүрхий амьтан болж энэ нэвтрүүлэгт орж байгаан хувиар надад энэ талаар тайлбарлаж өгөөч” гэж асуумаар санагдлаа. Утасруу нь 3-н удаа залгасан боловч холбогдож чадсангүй. Муу новшийг нэг сайн нүүрийг нь түлж авъя гэсэн санаагаар болсонгүй. Эгч за чи юун сүртэй юм бэ, “төрийн төлөө оготно боож үхнэ гэж чи ч бас илүү ш дээ” гэж байна. Манай нийгэм тэр чигээрээ л ийм бузар булайгаар дүүрэн байна ш дээ. Хүн бүр л хахууль авч, хүн бүр албан тушаалаа урвуугаа ашигладаг. Их сургуулийн багш нар цөм ийм гэж байна. “Дарин дээр давс” гэж би золтой л уйлчихсангүй. Эгч маань намайг дэмждэггүй юм аа гэхэд дуугүй байхгүй яаав аа.

Тэгвэл танд ийм явдал тохиолдвол яах юм бэ гэж тэсэхээ байгаад асуухад, надад л тохиолдоогүй бол боллоо гэсэн аятай шал тоохгүй байна гэнэ. Азаар багшийнхаа нүдэнд царай муутай харагдсан бололтой.


Би бас дээр бизнесийн хүмүүсийг дарамталдаг Дамбын Хишгээ ч гэнэ үү, бас нэг хууль үйлчилдэггүй хачин нөхрийн тухай сонсоод бас 2 хоног уурласан юмдаг. Учир нь бас л ямар ч гарцгүй гэж ирээд л хүмүүс бүр хүлээн зөвшөөрсөн хандлагаар яриад байхаар нь хэзээ нэгэн цагт тэр тэнэгтэй уулзвал яанаа гэж бодсоных л байх л даа.

Арай дэндүү юм аа. Даан ч дээ.

Миний дүү охин лифтэн дотроо хүчиндүүлж, миний таньдаг эгч ломбардан дотроо хоолойгоо хэрчүүлж, миний найз охин хуурамч дүнгийн төлөө багштайгаа унтаж, гудманд таарсан залуучууд намайг 1000 төгрөгний төлөө зодох, шударга үнэн зүйлийн төлөө тэмцэгч, хуулиа чанд мөрдөгч нь хохирдог би ийм нийгэмд амьдармааргүй байна. (Энэ бүгд саяхан болоод байгаа гэмт хэргүүд болохоор бичлээ).

Монголд хамаг юм орвонгоороо эргэчихсэн байгаад би уурлаад байна. Энэ байдлыг өөрчлөхийн төлөө хэн ч юу ч хийхгүй, айж, зугтаж, нуугдаж, надад л ийм зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх бол.

Би үүнийг өөрчлөх ёстой.


Ёох, нөгөө сайхан дипломоо бичих төлөвлөгөө маань аль хэдийнэ замхарчихаж. Сэтгэлийнхээ хөдлөлийг цаасан дээр буулгасаар байтал нэг мэдсэн бямба гараг болчихсон байна. За яахав. Санаж явахад болгоно доо. Одоо шууд орондоо ороод амарлаа.

Жич: doc хэлбэрээр бичиж хаячихаад блогтоо оруулахаа таг мартчихаж. маанаг гэдэг нь.

Tuesday, March 13, 2007

Наймайнд сойсон шүлэг мину

Аялгуут дуунд минь шингэсэн бүсгүй чиний инээмсэглэл
Аз жаргалыг дуудсаар намайг уярааж байна уу
Алаг цэцэгсийн дэлбээ дэлгэрч байгаа юм шиг
Аяа бүсгүй минь наддаа урам хайрлаж байна уу

Эргэх энэхэн хорвоод
Эмэгтэйчүүд та нар минь үгүйсэн бол
Ээ дээ энэ эрчүүд чинь
Элгэн хад мөргөх байх даа


Энэ жилийн мартын 8-ны баярт эмэгтэйчүүддээ зориулж ийм нэгэн шүлэг бичвэй. Гар хөлөө хөдөлгөн байж өндөр дуугаар уншив. Хэнээс ч хулгай хийгээгүй нүдэн дээр нь бичсэн болохоор юу юунаас ч илүү таалагдаж байгаа бололтой, алга ташин мялаав. Өгсөн бэлгээ буцааж авах шахав.
18-аа л хүлээе дээ.